Detect-HCC

Detect-HCC нь Оном сан, Делфай Диагностикс, Элэгний төвийн хамтран хэрэгжүүлж буй “Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний аргыг элэгний эсийн өмөнгийн илрүүлэгд ашиглах боломжийг судлах нь” сэдвийн хүрээнд явагдаж байгаа төсөл юм.

Detect-HCC

Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас 10 дахин их байгаа учир элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн цоо шинэ технологийг Монгол Улсад яаралтай нэвтрүүлэх нь манай улсын анагаах ухааны салбарын нэн тулгамдсан асуудал гэж үзсэний хүрээнд төсөл маань 2022 онд анх эхлэж байсан.

Detect-HCC судалгаанд:

  • Элэгний хорт хавдар ойрын хугацаанд шинээр оношлогдсон, эмчилгээ хийлгэж байгаагүй 400 оролцогч
  • Элэгний хатуурал буюу циррозтой 300 оролцогч
  • Элэгний архаг үрэвсэлтэй буюу элэгний вирүсийн архаг халдвартай 300 оролцогч
  • Элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл 300 оролцогч

гэсэн нийт 1300 оролцогчийг хамруулах төлөвлөгөөтэй байсан.

Судалгааны явцад оролцогчдоос дараах асуумж, судалгааг авна:

  • Хүн ам зүйн дэлгэрэнгүй асуумж
  • Судалгаанд оролцох шалгуур
  • Таниулсан зѳвшѳѳрлийн маягт
  • Биеийн ерѳнхий үзлэг
  • Амин үзүүлэлтүүд
  • Эрүүл мэндийн түүх
  • Хавсран хэрэглэж байгаа эм
  • Дэлгэрэнгүй асуумж судалгаа

Судалгааны явцад оролоцогчоос цусны дээж авч,нарийвчилсан лабораторийн шинжилгээг хийгдэнэ. Үүнд: цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ, цусны бүлэгнэлийн шинжилгээ, ийлдэс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын вирүсийн бүх маркерууд), вирүс судлалын дэлгэрэнгүй шинжилгээ (хепатитын В, С, Д вирүсийн ДНХ, РНХ тоолох бүх шинжилгээ), хавдрын маркерийн шинжилгээ (АПФ, ПИВКА 2 гэх мэт…), эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний дээж тус тус багтана.

Үүгээр ч зогсохгүй дараах нарийвчилсан багажийн шинжилгээ, оношилгоог хийгдэнэ:

  • Элэгний хатуурлын зэрэг, ѳѳхлѳлтийн хэмжээ тодорхойлох Фиброскан багажийн шинжилгээ
  • Хэвлийн хэт авианы ЭХО оношилгоо.

Элэгний ямар нэг ѳвчингүй эрүүл 300 оролцогчдын хувьд судалгаанд эдгээр зүйлс хийгдэнэ. Харин элэгний хорт хавдартай, элэгний хатуурал, циррозтой, элэгний архаг үрэвсэл, элэгний вирүсийн архаг халдвартай 1’100 оролцогчидод тодосгогчтой соронзон резонанст томографийн (MRI) дүрст оношилгоо хийгдэнэ.

Ингээд Detect-HCC судалгааны үндсэн суурь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийгдэж дуусах бѳгѳѳд судалгаанд оролцогч нийт 1300 хүнийг Монгол Улсад мѳрдѳгдѳж байгаа оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийн дагуу 5 жилийн хугацаанд хяналт хийнэ.

Төслийн хүрээнд хөгжүүлсэн системийн дэлгэрэнгүй

Detect-HCC төслийн хүрээнд хөгжүүлсэн систем маань төслийн дэлгэрэнгүй мэдээлэл дээр дурдагдсан бүх процессуудыг өөртөө агуулсан нэг цогц систем болж ашиглалтанд орсон.

Төслийн хүрээнд хэрэглэгчид маань элэгний өвчин эмгэгтэй 1300 оролцогч байсан бол төслийн хүрээнд хөгжүүлсэн системийн хэрэглэгчид нь эмнэлзүйн судалгааг хэрэгжүүлэх эмч, эрдэмтдийн баг юм.

Эмнэлзүйн төсөл нь өөрөө том хэмжээний нарийн төвөгтэй тул бидний хөгжүүлэх систем дээр хэрэглэгч тус бүрийн үүргийг тодорхойлж, тус бүр шаардлагатай интерфейсүүдийг бий болгох хэрэгцээ үүссэн.

Системийн хэрэглэгчдийн тоо үүрэг тус бүрээрээ нийт 11 болж байсан ба дараах 3 хэсгээс тогтоно:

  • Төсөлд хөрөнгө оруулагч тал - төслийн явц болон биелэлтийг хянах ба цугларсан дата дээр анализ хийх үүрэгтэй (дата аналист болон төслийн явц хянагч).
  • Төслийн баг - төслийн зорилго хэрэгжүүлж, судалгаанд хамрагдахаар ирсэн хүмүүсээс асуумж авч, шаардлагатай шинжилгээнүүдийг гүйцэтгэх үүрэгтэй (ерөнхий судлаач, эмнэлзүйн судалгааны зохицуулагч, дотоод хянагч, флеботомист, радиологич, фиброскан багажийн оператор, лабораторийн технигч)
  • 3 дагч тал - эмнэлзүйн судалгаанд шаардлагатай дүрст оношилгоог хийж төслийн багт шилжүүлэх ба дүрсийн чанарыг давхар хянана (эмнэлзүйн судалгааны шинжээч болон томографийн дүрст оношилгооны зураг оруулагч зэрэг багтана)

Төслийн хүрээнд миний биелүүлсэн үүрэг

Энэхүү төсөлд миний бие голцуу UI дизайнерын үүргийг гүйцэтгэсэн ба UX талын бодомжуудыг нь төслийн менежер болон эмч, судлаачид хамтран зохион байгуулсан.

Хэрэглэсэн tool-ийн хувьд эхлээд Adobe XD дээр эхлэсэн боловч төслийн цар хүрээнд шаардлага хангахгүй байна гэж үзээд Figma руу шилжсэн. Ингэснээрээ figma дээрээ design system үүсгээд нийтлэсэн library-с бүх компонентуудаа нэг стандартын доор хэрэглэсэн.

Зарим тохиолдолд дизайны шатан дээр user testing хийх хэрэгцээ их үүсэж байсан болохоор prototype хийж хэрэглэгчдээрээ туршуулсан.

Лабораторийн зарим шаардлагууд систем хөгжүүлэх явцын дунд өөрчлөгдөж байсантай холбогдуулан redesign-ууд хийгдэж байсан.

Төслөөс би юу сурсан бэ?

Detect-HCC

Дизайн систем болон нэг стандартын доор дизайнаа хийх нь маш их цаг хэмнэж, засвар орж ирсэн ч түргэн шуурхай гүйцэтгэхэд их нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг мэдсэн.

Ямар ч төсөл дээр ойлгохгүй зүйл байвал шууд асууж, өөрийн гүйцэтгэх ажлаа маш тодорхой болгох хэрэгтэй.

Хэрэглэгчээр туршуулж үзэх нь сайн дизайн хийх хамгийн найдвартай арга гэдгийг мэдэж авсан. Жишээлбэл лабораторийн цусны дээж хадгалдаг хэсэг дээр дээж цаашид байрлах хаалга, шургуулгаа, тавцан, хайрцаг, эгнээ, мөр гэсэн дугаарлалтуудыг би эхлээд хүснэгт, dropdown байдлаар шийдсэн байсан нь хэрэглэгчдэд ашиглахад маш төвөгтэй, ойлгомжгүй байсан. Үүний дараа тэдгээр хайрцгуудын харагдах байдлыг нь яг л хайрцгийг дээрээс нь харж байгаа мэт интерфейс зурснаар хэрэглэгч шууд хараад цусны дээж нь хайрцгийн аль хэсэгт хадгалагдаж байгааг харах боломжтой болсон.